Монгол Улсын үйлдвэрлэлийн гурав дахь чөлөөт бүсийг Грийн Групп байгуулна
Өрсөлдөх чадвараа сайжруулахын тулд Монгол Улс эдийн засгийн чөлөөт бүс байгуулах үндэслэл шаардлагыг 1995 онд анх төрийн бодлогын түвшинд тодорхойлж байв. Түүнээс хойш өнгөрсөн 26 жилийн хугацаанд Монгол Улсад гурван чөлөөт бүс байгуулагдсан байдаг. Тодруулбал, 2002 онд Чөлөөт бүсийн тухай хууль УИХ-аар баталснаар 2002 онд “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн эрх зүйн байдлын тухай, 2003 онд “Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүсийн эрхзүйн байдлын тухай, “Цагааннуур” худалдааны чөлөөт бүсийн эрх зүйн байдлын тухай хуулиудыг тус тус батлан хэрэгжүүлсэн байна. Тэгвэл Үндэсний брэнд бүтээгч “Грийн Групп”-ийн төсөл хэрэгжсэнээр Монгол Улсад үйлдвэрлэлийн гурав дахь чөлөөт бүс байгуулагдана. Үйлдвэрлэлийн чөлөөт бүс болон экспортын зорилтын талаар “Грийн Групп”- ийн Стратеги төлөвлөлтийн газрын захирал Л.Мягмаржавтай ярилцлаа.
Чөлөөт бүсийн нийгэм, эдийн засгийн ач холбогдлын тухай ярилцлагаа эхэлье?
Улс орнуудын эдийн засгийн идэвхжлийг нэмэх зорилгоор тодорхой бүс байгуулан татварын маш уян хатан нөхцөлтэйгөөр, эсвэл татваргүй орчинд үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэх боломжийг олгосон, үйл ажиллагааны тусгай дэглэм бүхий тодорхой нутаг дэвсгэрийг чөлөөт бүс хэмээн томьёолдог. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдээс Үндэсний брэнд бүтээгч Грийн групп нь Монгол Улсын хэмжээнд үйлдвэрлэлийн гурав дахь чөлөөт бүс байгуулах төслийг хэрэгжүүлж, түүнтэй уялдсан экспортын төлөвлөгөөг хэрэгжүүлж байна. Дэлхийн жишгээр чөлөөт бүсийг таван төрөлд ангилж байна. Тодруулбал,
- Худалдааны чөлөөт бүс
- Үйлдвэрлэлийн чөлөөт бүс
- Аялал жуулчлал – үйлчилгээний чөлөөт бүс
- Хөдөө аж ахуйн чөлөөт бүс
- Эдийн засгийн чөлөөт бүс
гэсэн үндсэн таван хэлбэр бий. Аливаа улсын хөгжилд чөлөөт бүсийн оруулах хувь нэмэр асар өндөр тул улс орнууд чөлөөт бүсийн хөгжлийн асуудалд онцгой ач холбогдол өгдөг. Чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, худалдааны маш олон хөнгөлөлт үзүүлдэг тул шинээр үйлдвэр нэвтрүүлэн хөгжүүлэхэд хамгийн тохиромжтой газар. Үүнтэй уялдан валютын орлого нэмэгдэх улс оронд шинэ технологи нэвтрэх зэрэг давуу талуудыг дурдаж болно. Эдгээрээс үйлдвэрлэлийн чөлөөт бүсийг онцолъё. Үйлдвэрлэлийн чөлөөт бүс байгуулахын хамгийн гол зорилго нь экспортын чиглэлийн үйлдвэрлэлийг дэмжихэд чиглэдэг. Чөлөөт бүсэд байрлалтай үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийг татвараас чөлөөлөх арга хэмжээ авдаг. Тухайлбал, гаалийн татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар, орлогын татвар гэх мэт татвараас чөлөөлөгдөх, эсвэл хөнгөлөлт эдлэх боломжууд орно. Түүнчлэн тухайн улсад шинээр нэвтрүүлэх үйлдвэрийн болон эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэх нь чөлөөт бүс байгуулах хамгийн гол зорилгуудын нэг.
Чөлөөт бүсийн төслийг амжилттай хэрэгжүүлсэн гаднын жишээ, туршлагуудыг та бүхэн судалсан байх. Жишээ дурдвал?
1980-аад оны эхэнд БНХАУ эдийн засгийн дөрвөн чөлөөт бүс байгуулж, эрчимтэй хөгжлийн гараагаа эхэлсэн байдаг. Бээжин дэх төв Засгийн газраас зөвшөөрөл авах шаардлагагүйгээр гадаад болон дотоодын худалдаа, хөрөнгө оруулалт хийхийг эдгээр чөлөөт бүсүүдэд зөвшөөрсөн. Улмаар татварын хөнгөлөлт болон бизнесийн бусад урамшуулал олгох замаар гадаадын хөрөнгө оруулалт, технологийг татан, эдийн засгийн хурдацтай өсөлтийг бий болгох зорилгоор байгуулсан юм билээ. Анх эдийн засгийн чөлөөт бүс байгуулах үед хотуудын хөгжил буурай байсан бол гадаадын хөрөнгө оруулалтыг татсанаар өргөн хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр тэргүүлэгч хот болон хөгжиж, хүн амынх нь тоо ч хурдацтай өсөн, эдийн засаг, үйлдвэрлэл, соёлын гол зангилаа болон хөгжсөн байдаг. Ер нь чөлөөт бүсийн эдийн засагт үзүүлэх нөлөө илэрхий сайн байсан учраас БНХАУын Засгийн газраас 1984 онд далайн эргийн дагуух 14 хотоо гадаад худалдаа, хөрөнгө оруулалтад нээж өгчээ. Чөлөөт бүсийн улс орны эдийн засагт оруулах хувь нэмрийг энэхүү жишээнээс харж болно.
Үйлдвэрлэлийн чөлөөт бүсийн төслийнхөө талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэхгүй юу. “Грийн Групп” экспортын зорилтын хүрээнд ямар ажлыг хийж, хэрэгжүүлсэн бэ?
Үндэсний брэнд бүтээгч “Грийн Групп” нь зах зээлээ тэлж, дэвшилтэт технологи бүхий, экспортод чиглэсэн үйлдвэрлэл хөгжүүлэх зорилгоор “ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЧӨЛӨӨТ БҮС”- ийн төслийг эхлүүлээд байна. Энэхүү төсөл хэрэгжсэнээр Монголд үйлдвэрлэлийн гурав дахь чөлөөт бүс байгуулагдана. Үйлдвэрлэлийн чөлөөт бүс байгуулагдсанаар импортыг орлох үйлдвэрлэл хөгжиж, эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, валютын урсгалыг нэмэх олон талын ач холбогдолтой. Манай компанийн экспортын зорилтын хүрээнд өнөөг хүртэл 17га газар бүхий талбай, 20,000м2 агуулах, төвлөрсөн “Экспорт хаус”, өдөрт 30 тоннын хүчин чадалтай ангилсан махны үйлдвэр, 200 тоннын хүчин чадалтай “Слава” үйлдвэр, долоон салаа зам бүхий, сард 50 вагон хүлээн авах чадалтай төмөр зам зэрэг дэд бүтцийг бий болгож байна. Экспортын зорилтын хүрээнд цаашид хоногт 100 тоннын хүчин чадалтай Талын Монгол гоймонгийн үйлдвэр, ажилчдын кэмп, Үйлдвэрлэлийн чөлөөт бүс байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна.
Үндэсний брэнд бүтээгч “Грийн Групп” энэхүү төслийн хүрээнд Талын Монгол брэндийн хүүхдийн гоймонг Хятад руу экспортлохоор төлөвлөж байгаа юм байна. Жилд хэдэн тонн хүүхдийн гоймон экспортлох вэ?
Дэлхийн улс орнуудын хөгжлийг тухайн улсын иргэдийн амьдралын чанар ба дундаж давхаргын тоон үзүүлэлтээр хэмждэг. Сүүлийн жилүүдэд БНХАУ-ын чинээлэг дундаж давхарга нь жилд 300 сая хүнээр нэмэгдэж, дэлхийд тэргүүлж эхэллээ. Энэ хэрээр иргэдийнх нь худалдан авалтын чадвар дээшилж, үнээс илүүтэй чанарт анхаардаг зорилтот хэрэглэгч олширч, органик хүнсний эрэлт нэмэгдэж байна. Иймд Үндэсний брэнд бүтээгч “Грийн Групп” Хятадын зорилтот зах зээл рүү чиглэсэн химийн бордоогүй, байгалийн усалгаатай улаанбуудайгаар үйлдвэрлэсэн Талын Монгол брэндийн хүүхдийн гоймонг экспортлоход бэлэн болоод байна. 1.4 тэрбум хүн амтай Хятад улсад байгалийн гаралтай, химийн нэмэлтгүй хүнсний эрэлт өсч байна. Ялангуяа эцэг, эхчүүд хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд онцгой анхаарал хандуулж байгаа тул жилд 30,000 тонн хүүхдэд зориулсан “Талын Монгол” гоймон худалдаж авах захиалгаа ирүүлсэн. Монгол орны эрүүл хөрсөнд тарьж ургуулсан, химийн бордоогүй, байгалийн усалгаатай, органик хүнсний ногоогоор баяжуулсан гоймон маш үнэ цэнтэй бүтээгдэхүүн юм. Иймд Хятад хэрэглэгчдийн сонголтод нийцсэн сав, баглаа боодолтой, олон улсын чанар стандартад нийцсэн, хүүхдэд зориулсан “Талын Монгол” гоймонг БНХАУ-ын зах зээлд ялгарал бий болсон бүтээгдэхүүн байна гэдэгт эргэлзэхгүй байна.
Талын Монгол брэндийн хүрээнд нийт хэдэн нэр төрлийн бүтээгдэхүүн экспортлохоор төлөвлөж байна вэ?
Талын Монгол брэнд нь Монгол орны байгалийн нөхөн сэргээгдэх баялаг болох мах, махан бүтээгдэхүүн, сүү цагаа идээ, ургамлын гаралтай хүнс, үр тариа, шингэн хүнс зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд экспортод гаргахаар зорьж байна. Чөлөөт бүс байгуулагдсанаар Үндэсний брэнд бүтээгч “Грийн Групп”-ийн экспортын үйл ажиллагаанд томоохон дэмжлэг болоод зогсохгүй үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ бэлтгэн нийлүүлэгч, үндэсний томоохон үйлдвэрлэгчидтэй хамтран “Нэг цонхны бодлого”-оор дэлхийн зорилтот зах зээлд тун удахгүй нийлүүлж эхэлнэ.
БНХАУ-аас жилд 30,000 тонн хүүхдэд зориулсан “Талын Монгол” гоймон худалдаж авах захиалгаа ирүүлсэн.