Экспортыг хамтын ажиллагаагаар хөгжүүлдэг

МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн: Экспортыг дэмжинэ гэж хурал хийгээд экспорт хөгжчихдөггүй гэдгийг өнгөрсөн 30 жилийн түүх харууллаа.

Энэ оны эхний долоон сарын байдлаар Монгол Улсын экспорт 4.7 тэрбум ам.долларт хүрсний 90 хувийг эрдсийн бүтээгдэхүүн бүрдүүлсэн байна. Өнгөрсөн хугацаанд уул уурхайн бус бүтээгдэхүүний экспорт 10 хувиас хол илүү гарахгүй явж ирлээ. Худалдааг дэмжих хөтөлбөрүүд хэрэгжиж буй ч цар тахлын нөлөө буурахгүй хэвээр байх шиг байна. Энэ үзүүлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр МҮХАҮТ яг одоо ямар ажлууд хийж байна вэ?

Экспортыг дэмжинэ гэж хурал хийгээд экспорт хөгжчихдөггүй гэдгийг өнгөрсөн 30 жилийн түүх харууллаа. МҮХАҮТ сүүлийн хоёр жилийн хугацаанд уур уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг хөгжүүлэх талаар нэлээд судалгаа хийж ажиллаж байна. Ингээд харахаар Монголд энэ чиглэлээр ахиц гарахгүй байгаа гол шалтгаан нь уул уурхайн бус экспортод зориулсан санхүүжилт гэж байдаггүй юм байна. Тухайн аж ахуйн нэгж дотоодод бүтээгдэхүүнээ нийлүүлбэл зах зээлийн хүүгээрээ, гадагш экспортлох гэж байгаа бол хямд зээл олгодог тэр тогтолцоо Монголд үгүй. Дэлхийн улс орнууд экспортоо энэ замаар хөгжүүлдэг. Яагаад гэвэл гаднын улсад бараа зарахад их хугацаа шаардлагатай буюу эргэлт удаан байдаг. Ийм нөхцөлд өндөр хүүтэй зээл авчихаар гадаадад бүтээгдэхүүнээ гаргах бизнес нь ашиггүй болчихдог учраас манай компаниуд экспортоо хөгжүүлж чадахгүй байна. Тиймээс Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Уул уурхайн бус экспортыг дэмжих тусгай санхүүжилтийн тогтолцоог бий болгох төлөвлөгөөг оруулах тал дээр МҮХАҮТ онцгой анхаарч ажилласан. Мөн Эдийн засгийг эрчимжүүлэх тухай хуульд мөн үүнийг заавал тусгуулахаар саналаа хүргүүлээд байна.

Ийм санхүүгийн хэрэгсэл бий болгосноор экспортод яг ямар байдлаар нөлөө үзүүлнэ гэж харж байгаа вэ?

Уул уурхайн бус экспортыг дэмжсэн, бага хүүтэй зээл байхгүй учраас энэ орон зайд ченжүүд түүхий эдийг нь худалдаж аваад, өртөг болон чанарт нөлөөлөөд байдаг юм. Ченж бол аймаар мангас биш, зүгээр л тусгайлсан санхүүжилтгүй орон зайд бий болдог эдийн засгийн нэг үзэгдэл. Бүх хөрөнгөө барьцаалаад үндсэн хөрөнгө оруулалт болон эргэлтийн хөрөнгөдөө зарцуулчихаар түүхий эд бэлтгэх, мөн бүтээгдэхүүнээ гадаад улсад аваачаад тэндхийн татварыг төлөх мөнгө бизнес эрхлэгчдэд үлддэггүй. Ийм орчинд ченжийн тогтолцоо бий болчихдог. Экспортод зориулсан хямд эх үүсвэр Э бүхий санхүүжилт бий болгоод өгвөл компаниуд ченжээс хамаарахгүйгээр түүхий эдээ өөрсдөө бэлдээд эхэлнэ. Энэ нь экспортын хөгжлийн суурь болдгийг хөгжсөн улс орнуудын хөгжлийн түүх харуулдаг. Энэ бол шинэ зүйл биш, ийм хамтын ажиллагаагаар экспортыг хөгжүүлдэг гэдгийг ойлгох цаг болжээ.

Экспортыг хөгжүүлэх талаар сүүлийн хоёр жил Танхим тасралтгүй судалгаа хийж байгаа талаар та дурдсан. Зээлийн эх үүсвэрээс гадна шийдэх асуудлууд олон байгаа байх. Эхний ээлжинд ямар асуудлуудыг шийдвэл экспорт дардан болно гэж та харж байна вэ?

Манай гадаад худалдааны гол алдаа юу байсан гэхээр гаднын оронд бараагаа экспортлох гээд очихоор тухайн улсын импортын татварыг төлөх мөнгө байхгүй, татвар нь өндөр гэдэг саадтай тулгардаг байсан. Компаниуд энэ асуудлаа төр засагт учирлахаар, гадаад худалдааг төлөөлж байгаа эрх бүхий байгууллагууд, Элчин сайд нар нь өнгөрсөн 30 жилд татвараас чөлөөлүүлэхээр хөөцөлдөж, бүтэлгүйтэж ирсэн. Аргагүй шүү дээ, өөрийн иргэдээ татвараас чөлөөлөөгүй улс яасан гэж монгол компанийг татвараас чөлөөлөх билээ?! Өөрөөр хэлбэл, шийдлийг буруу газраас хайж иржээ. Түүний оронд, тухайн улсын татварыг төлөх мөнгийг нь шийдээд өгчихсөн бол экспорт хөгжих боломжтой байсан. Аж ахуйн нэгжүүд бараагаа гаднын улсад зарж ирээд мөнгөө төлчихнө шүү дээ. Дээр нь валют олно, улсад үнэ цэн, нэмүү өртөг бий болгож, шинэ бүтээгдэхүүн хөгжүүлнэ. Энэ шийдлийг олж хараагүй алдаа үүссэн байна. Одоо энэ алдаагаа ойлгосон тул засаад явъя гэж байгаа юм. Харь улс дахь татварыг нь төлөх чадамжтай болох тогтолцоог нь бий болгоод өгье. Экспортод зориулсан тусгай зээлийн санхүүжилт бий болгоё. Түүхий эдээ авах, тоног төхөөрөмжөө оруулж ирэх, цалин тавихад хамаг хөрөнгөө барьцаалаад зээл авчихсан аж ахуйн нэгжүүдэд энэ л бодит дэмжлэг болно.

Манай улсын нөхөн сэргээгдэх баялгаас ямар бүтээгдэхүүнүүдийг гаднын зах зээл илүүтэй сонирхож байна вэ?

Уул уурхайн бус, нөхөн сэргээгдэх баялгаас ноолуур, мах, самар, эмийн ховор ургамал голлох бүтээгдэхүүнүүд юм. Гаднынхан хамгийн их сонирхдог, худалдан авагч нь бэлэн бүтээгдэхүүнүүд гэсэн үг. Эдгээр баялгийн экспортоо зөв хийж чадвал дараа дараагийн бүтээгдэхүүнүүдээ хөгжүүлэх боломжтой болно гэсэн үг. Гадаад худалдаагаа бид эхний ээлжинд энэ дөрвөн бүтээгдэхүүн дээрээ суурилж хийж сурах хэрэгтэй.

Нэг талаас санхүүжилтийн асуудал хүндрэлтэй, экспортоо хөгжүүлж чадаагүй асуудлыг та хөндөж байна. Нөгөө талд гаднын зах зээлийн хүссэн хэмжээнд нийлүүлэх боломж дээр хүндрэл үүсдэг байх, тийм үү?

Тийм. Энэ нь мөн л түүхий эд бэлтгэлтэйгээ уягддаг. Тухайлбал, маш мундаг технологи нэвтрүүлээд, тоног төхөөрөмж оруулж ирээд бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай болчихоод байхад түүхий эд нь хангалттай биш бол бүрэн хүчин чадлаараа үйлдвэрлэх боломжийг хязгаарладаг ч юм уу. Санхүүжилт үүнд чухал нөлөөтэй.

Кластерын асуудал бас яригдах байх?

Тийм ээ, кластерын систем Монголд хөгжөөгүй нь экспортоо хөгжүүлж чадахгүй байсны бас нэг шалтгаан. Одоо бол бага багаар хөгжүүлж байгаа. Тухайлбал, худалдааг дэмжих ТРАМ төслийн хүрээнд 100 гаруй жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчийг экспортын кластераар дамжуулан чадавхжуулж, экспортын 4 кластер тус тус Төрийн Бус Байгууллагын статустай болсон. Түүнчлэн Танхим самар, эмийн ургамлын кластер байгуулсан. Тухайлбал, самар бол боловсруулахад хамгийн хялбар, худалдан авагч нь бэлэн, экспортын төгс бүтээгдэхүүн. Энэ чиглэлээр кластер байгуулснаар экспортын нэгдсэн зохион байгуулалтад оруулж, ил тод худалдаа хийх замаар дамлагч ченжүүдийн нөлөөг бууруулах, хамгийн гол нь хушин ойг нөхөн сэргээх хяналттайгаар, нэмүү өртгийн сүлжээг бий болгож эцсийн бүтэгдэхүүн гарган экспортлох нөхцөл бүрдэж байгаа юм. Нэгэнт экспорт байгаа бол урт хугацаанд тогтвортой хийхийг хэн ч хүснэ. Тэгж байж хөрөнгөө оруулна. Цаашид 40-50 жил ашиглах ой модоо экспортлогч өөрөө нөхөн сэргээж арчилдаг, ойгоо хамгаалдаг болно.

Экспортын нэг цонхны бодлогыг хэрэгжүүлж амжилтад хүрсэн олон улсын жишиг олон бий. Монгол Улс тэгвэл энэ тал дээр ямар бодлоготой байдаг вэ? Дэмжих чиглэлээр өнгөрсөн хугацаанд ямар ажлууд хийсэн бэ?

Нэгдсэн экспорт гэдэг санааг МҮХАҮТ энгийнээр томьёолж тайлбарлах ажлыг чамгүй зохион байгуулсан. Аж үйлдвэр хөгжөөгүй манай улсад компаниуд дор бүрдээ өөрийн хүчээр жижиг бүтээгдэхүүнийг цөөн хийгээд амжилт олохгүйг бид харлаа. Яг гадаадад гаргахад зориулсан тусгай бүтээгдэхүүнийг хамтарч хөгжүүлээд, нэгдсэн журмаар экспортолъё гэдэг саналыг ухуулан түгээж байгаа. Тухайлбал, бид консерв буюу жигнэсэн мах зарж болно. Үүний тулд тухайн улсын хэрэглэгчдэд зориулсан амт жорыг хамтран хөгжүүлээд, бүх үйлдвэр яг тэр жороор адилхан үйлдвэрлэх юм. Нэг үйлдвэр нөөц боломждоо тулгуурлаад хэдийг ч үйлдвэрлэж болно. Түүнийг нь Танхим зангидаад ч юм уу нэг малгайн дор, нэг урсгалаар экспортолъё гэж байгаа юм. Хоорондоо өрсөлдөж, нэг нэгнийхээ үнэ цэнийг унагах биш, бүгдээрээ нэгдээд нэг л бүтээгдэхүүнийг нэг жор, нэг стандартаар гаргана. Тэртэй тэргүй манай хоёр хөрш хязгааргүй том зах зээл шүү дээ. Тиймээс энэ том зорилтын хүрээнд Эдийн засгийн их сэргэлтийн, Зөвшөөрлийн тухай, Танхимын тухай гээд хууль эрх зүйн орчныг сайжруулахаар санаачилга гарган ажиллаж байна.

30 Жил

Экспортыг дэмжинэ гэж хурал хийгээд экспорт хөгждөггүй гэдгийг өнгөрсөн 30 жилийн түүх харууллаа.

Нэг цонхны бодлогыг дэмжихэд хууль эрх зүйн орчин хангалттай сайн дэмжлэг болохуйц хэмжээнд байж чадаж байна уу?

Хууль эрх зүйн орчноос илүүтэй дүрэм журмаа ойлгомжтой болгоод, экспортыг бүхэлд нь ном ёсоор нь ил тод хийх хэрэгтэй байна. Ялангуяа, төр, хувийн хэвшил нэгдэж, зохион байгуулалтад орж, кластерт нь эрхийг нь өгөөд, хяналтаа тавьдаг байх шаардлагатай. Өөр арга байхгүй. Кластерууд нь өөрсдөө бизнесийн зарчмаараа хөгжүүлээд явах боломжтой. Үүний тулд, нэгдүгээрт, зөвшөөрлийг нь ил тод өгөх, хоёрдугаарт, түүхий эдийн бэлтгэлийг дэмжсэн тусгай санхүүжилтийг олгох саналыг МҮХАҮТ Засгийн газарт тавьж байгаа. Энэ саналаа бид ирэх гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй Эдийн засгийг эрчимжүүлэх тухай хуулийн төсөлд тусгуулаад байна.

4 кластер

ТRАМ төслийн хүрээнд 100 гаруй жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчийг экспортын кластераар дамжуулан чадавхжуулж, экспортын 4 кластер ТББ статустай болсон.

Монгол Улсад экспортын нэг цонхны бодлого хэрэгжиж чадаж байна уу?

Төрийн зүгээс бодлогоор дэмжиж байна уу? Экспортын нэг цонхны бодлогыг ерөөс төр хувийн хэвшлийн түншлэлээр л зохион байгуулах хэрэгтэй. Махны хувьд ч адил, ноолуурын тухайд ч ялгаа байхгүй. Жишээ нь, эрэлттэй бүтээгдэхүүн болох монгол хунчрыг авч үзье. Энэ ургамлын үрийг түүх зөвшөөрлийг яам хязгаарладаг. Угтаа бол үндсийг нь ухах хориотой болохоос үрийн сан бий болгох гэдэг тусдаа ойлголт. Тэгвэл үр түүх журам, стандартыг нь Шинжлэх Ухааны Академиар ч юм уу батлуулаад зөвшөөрлийг нь кластерт нь өгөх нь зүйтэй. Тухайн кластер нь тариад, дөрвөн жилийн дараа ноухаугаа гаргаад авчихна. Ингээд “Монгол Хунчир” гэж нэгдсэн байдлаар зарна. Тариалалтыг хүссэн хүнд нь хуваарилж өгөөд хэрхэн тарих технологийг нь заагаад өгчихнө. Ургуулсан хунчраа нэг цэг дээр нийлүүлэхээр нь нэг нэрээр савлаад, нэг шугамаар гаргана. Үүнээс бүгд хожно. Тэгэхгүй хоорондоо өрсөлдөөд байвал үнээ унагаад, нэг нэгийгээ дампуурал руу хөтөлнө. Ингэж түншлэл хэлбэрээр ил тод шийдэхгүй байгаа учраас хэн нэг албан тушаалтны авлигын асуудал болж, далд хулгайн эдийн засаг болж хувирдаг. Үүний нотолгоог Хятад улсын Монголоос импортолсон статистик болон манай экспортын тоо хоёр хол зөрдгөөс харж болно. Монголчууд цөөхүүлээ гэдэг нь хэдий сул тал ч үүнийгээ давуу тал болгож ашиглах хэрэгтэй. Төрийн зүгээс яг одоо хуулийн төслүүдийг хэлэлцэх хүлээлттэй байна. Бид тодорхой саналуудаа тусгасан байгаа.

Leave a comment