Хөдөө аж ахуйн салбарт маш их нөөц боломж байна

З.Мэндсайхан: Дэлхийн зах зээлд танигдсан, технологи, үйл ажиллагааг нэвтрүүлсэн аж ахуйн нэгж, үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүнд ойрын хугацаанд экспортын гарцыг нээх нь чухал байна.

Цар тахлын хүнд жилд хөдөө аж ахуйн салбар хамгийн өндөр өсөлттэй байсан нь Монгол Улсад ямар их нөөц боломж байгааг илтгэсэн. Тэгвэл энэ нөөц боломжийг ашиглан гадаад зах зээлд уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газар ямар шинэ бодлого хэрэгжүүлж байна вэ?

Хөдөө аж ахуйн салбар 2020 онд 5.8 хувийн өсөлттэй гарч, нийт ДНБ-ий 12.8 хувийг эзэлсэн нь манай салбарт ямар их нөөц боломж байгааг илтгэсэн. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Монгол Улсын урт хугацааны хөгжлийн “Алсын хараа-2050” бодлогод тусгасны дагуу эдийн засгийн тэргүүлэх салбаруудыг хөгжүүлж, экспортын баримжаатай эдийн засгийг бий болгох зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд малын гаралтай түүхий эдийг бүрэн боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, олон улсад өрсөлдөхүйц аж үйлдвэрийн цогцолборуудыг бий болгохоор ажиллаж байгаа. Энэ хүрээнд 2021 онд Хөнгөн үйлдвэрийн тухай хуулийн төслийг боловсруулан УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэхээр ажиллаж байгааг дуулгамаар байна.

Энэ хуулийн талаар илүү тодорхой ярихгүй юу. Ямар өөрчлөлтүүдийг бий болгоно гэж харж байгаа вэ?

Энэ хуулиар хөнгөн үйлдвэрийн салбарт үйлдвэрлэл эрхлэх харилцааны эрх зүйн байдлыг тогтоох, түүний хөгжлийг дэмжих үйл ажиллагааны зарчим, чиглэлийг тодорхойлох, түүний хэрэгжилтийг хангах, хяналт үнэлгээ хийхтэй холбогдсон харилцааг зохицуулах юм. Түүнээс гадна экспортын чиглэлийн хөнгөн үйлдвэрийн тэргүүлэх салбарыг төрөөс дэмжих төрийн үйлчилгээг хувийн хэвшлийн бүтээлч санал санаачилга, оролцоо, хяналтын дор зохион байгуулж, эдийн засгийн төрөлжилтийг нэмэгдүүлэх харилцааг зохицуулна. Мөн • Төрөөс малчдын талаар баримтлах бодлого • Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого • Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого • Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл • Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг урт, дунд хугацааны хөгжлийн бодлогод тусгасан зорилт, үйл ажиллагааг хэрэгжүүлж байгааг та бүхэн мэдэж байгаа байх. Эдгээр бодлогын хүрээнд цаашид Уламжлалт өв соёлыг хадгалсан бэлчээрийн аж ахуй зонхилсон дэвшилтэт технологи, техник бүхий эрчимжсэн аж ахуйг хот суурин орчимд бүсчлэн хөгжүүлж, нөөцийг тогтвортой, зохистой ашиглан, ногоон эдийн засгийн чиг баримжаатай мал аж ахуйг хөгжүүлэх боломж бүрдэнэ. Мөн үржил шим бүхий хөрсөнд тариалсан монгол таримлын өрсөлдөх чадвар, үнэ цэнийг өсгөж, экспортыг нэмэгдүүлэх, ухаалаг технологид суурилсан газар тариаланг хөгжүүлэх, хөдөө аж ахуйн салбарт ажиллагсдын үйлдвэрлэлээ өргөтгөх, хорших санаачилгыг төрийн бодлогоор дэмжиж, ажлын байрыг тогтвортой хадгалах, хөдөө аж ахуйн эрчимжүүлсэн үйлдвэрлэлд техник, технологийн шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлж, кластер, логистик, санхүүгийн түрээсийн үйлчилгээг хөгжүүлэх зэрэг маш олон зорилт биеллээ олох нөхцөл бүрдэх юм. Түүнээс гадна тариалангийн даатгалын эрх зүйн орчныг бүрдүүлэх, газрын үржил шим, үр өгөөж, таримал ургамлын үр үржүүлгийн аж ахуйн цогцолборуудыг хөгжүүлж, үрийн сорт чанарыг сайжруулах замаар га-аас авах ургацын хэмжээг нэмэгдүүлэх, зоорь, агуулах, элеватор үтрэмийн техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, хадгалалт, борлуулалтын нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх, газар тариалангийн зориулалттай дэвшилтэт техникийн шинэчлэл хийхийг татварын бодлого, лизингийн арга хэрэгслээр дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний боловсруулах үйлдвэрлэлийг дэмжиж, дагуул хот болон зарим бүсийн төвүүдэд дэвшилтэт технологи бүхий үйлдвэрлэл, технологийн паркуудыг байгуулна. Ингэснээр хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нөөцийг эдийн засгийн эргэлтэд эрчимтэй оруулах нөхцөл бүрдэж, ДНБ-д хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх юм.

$1 Тэрбум

БНХАУ-ын Засгийн газрын $1 тэрбумын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд махны цогцолбор үйлдвэр барих технологийн шинэчлэл хийнэ.

Монгол Улс хүнс экспортлогч орон болно гэж Ерөнхий сайд зарласан. Энэ бодлого хэзээнээс хэрэгжих боломжтой гэж Та харж байна вэ?

УИХ, Засгийн газраас баталсан урт болон дунд хугацааны бодлогын бичиг баримтуудад хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, борлуулалтын сүлжээг хөгжүүлж, гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодоос бүрэн хангаж, импортыг орлох болон экспортын баримжаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхээр тусгасан байдаг. Тиймээс энэ чиглэлийн бүтээгдэхүүний түүхий эдийн боловсруулалтын түвшнийг өсгөх, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортлох зорилгоор Дархан-Уул аймаг болон Шинэ Ховдын үйлдвэр технологийн парк, Махны үйлдвэр, хорио цээрийн бүс бүхий цогцолбор байгууламж барих зэрэг төслүүдийг эрчимжүүлж байгаа. Эдгээр төсөл 2023, 2024 оноос бүрэн хүчин чадлаараа ажиллаж, дотоодын болон гадаадын зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлснээр экспортын өнөөгийн түвшин 2-3 дахин нэмэгдэнэ гэж харж байна.

Монгол Улс яагаад экспортлогч үндэстэн болох ёстой вэ?

Гадаад зах зээлд экспортлогч үндэстэн болсноор аливаа улс орны хувьд ажлын байр нэмэгдэх, эдийн засгийн өсөлт эрчимжих, үндэсний онцлог шингэсэн бүтээгдэхүүнээр дамжуулан уламжлалт соёлоо ч сурталчлах олон давуу тал үүсдэг. Сүүлийн жилүүдэд цар тахал болон улс орнуудын бодлоготой холбоотойгоор дэлхийн зах зээл дээрх уул уурхайн бүтээгдэхүүний үнэ нэлээд хэлбэлзсэнийг бид мэдэж байгаа. Зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүний экспортоос хэт хамааралтай байснаараа Монгол Улсын эдийн засаг савлахаас эхлээд олон зүйлд нөлөөлж байна. Ийм нөхцөлд хөдөө аж ахуйн салбар эдийн засгийн хэт хараат байдлаас ангижрах гол түшиц юм. ХАА-н салбарын үйлдвэрлэлийг хөгжүүлж, инновац шингээсэн эцсийн бүтээгдэхүүн боловсруулснаар экспортлогч үндэстэн болох том зорилтдоо алхам дөхнө.

Монгол Улс малын тоо толгой олонтой ч сүү сүүн бүтээгдэхүүнээр л гэхэд дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж чадахгүй, импортын бүтээгдэхүүн хэрэглэсээр байна. Ийм нөхцөлд гадаад зах зээлд өрсөлдөх амаргүй байх болов уу?

Манай улсад 2020 онд 67.1 сая тоо толгой (4.1 сая адуу, 4.7 сая үхэр, 472.9 мянган тэмээ, 30 сая хонь, 27.7 сая ямаа) мал тоологдож, өмнөх оноос 3.9 саяар буурсан. Мал сүргийн тоо толгой өсөхийн хэрээр эрчимжсэн аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх, өндөр ашиг шимтэй цэвэр үүлдрийн малыг сонгон үржүүлэх сонирхол нэмэгдэж байна. Иймд сүү, махны болон хосолмол ашиг шимт үхрийн аж ахуйг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллая гэж байгаа юм. Сүүний тухайд гэхэд Засгийн газрын 2020 оны 130 дугаар тогтоолоор урамшуулал олгох журмыг батлуулж, сүү боловсруулах үйлдвэр, цехэд малын түүхий сүү тушаасан малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд мөнгөн урамшуулал олгохоор журамласан. 2020 оны арваннэг, арванхоёрдугаар сар, 2021 оны эхний улиралд нийт 8.5 сая литр түүхий сүүг боловсруулах үйлдвэр тушааж, 2,000 гаруй малчин, эрчимжсэн аж ахуй эрхлэгчдэд 4.11 тэрбум төгрөг олгоод байна. Энэ бол цаашид экспортод чиглэсэн үйлдвэрлэлд чухал дэмжлэг болно гэж харж байгаа.

Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнүүдээс ямар төрлийн бүтээгдэхүүн экспортлох боломж Монголд илүүтэй байгаа вэ?

Нөөц, боломжийн талаар та хэрхэн дүгнэх вэ? Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний хувьд экспортын тэргүүлэх чиглэл нь ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн байдаг. Мэдээж үүний зэрэгцээ Монгол орны гол

давуу тал болсон мал аж ахуйдаа суурилаад мах, махан бүтээгдэхүүний экспортыг хамт авч явна. Тухайлбал, Гаалийн ерөнхий газрын статистикаар 2020 оны эцсийн байдлаар нэхмэлийн салбарын нийт экспорт 279.5 сая ам.доллараар хэмжигдэж байгаа. Энэ бол цар тахалтай холбоотой 35 хувиар буурсан үзүүлэлт. Хэрэв нөхцөл байдал хэвийн болж, үйлдвэрлэл, түүхий эд боловсруулалтын түвшнийг нэмэгдүүлэх зэргээр тэргүүлэх чиглэлээ хөгжүүлээд явбал бидэнд нөөц боломж маш их байна.

12.8%

2020 онд хөдөө аж ахуйн салбар ДНБ-ий 12.8% бүрдүүлэв.

5-10

Кластерыг амжилттай хэрэгжүүлэхэд багадаа 5-10 жил шаардагддаг.

Хөдөө аж ахуйн салбарт дижитал шилжилтийг үе шаттай эхлүүлнэ гэж Та ярьж байсан. Энэ нь экспортод ямар давуу тал бий болгох вэ?

Бүтээгдэхүүний гарал үүслээс эхлүүлээд экспортын үе шат дамжлагыг цахимжуулснаар эдийн засгийн хувьд бие даасан салбар болоход том түлхэц үзүүлнэ. Худалдан авагч талд найдвартай бүтээгдэхүүн хүргэхээс гадна экспортлогч аж ахуйн нэгжүүдэд цаг хугацаа хэмнэх, үе шатыг хялбарчлах олон давуу тал бий болгох боломжтой. Малын гаралтай бүтээгдэхүүнээ өрсөлдөхүйц байлгахын тулд мал эрүүл байх хэрэгтэй. Хүнсний аюулгүй байдал хангагдах учиртай. Хүнсний аюулгүй байдлыг бүрдүүлэх хамгийн анхны хүчин зүйл бол мөшгөх систем. Өөрөөр хэлбэл, малчны хотоос гарсан мал ямар тээврийн хэрэгслээр хаагуур тээвэрлэгдээд, аль үйлдвэрт очиж, хэрхэн боловсруулагдаж эцсийн бүтээгдэхүүн болсон бүх үе шатыг мэдээлэх системийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ системийг Хөдөө аж ахуйн биржтэй уяснаар оролцогч талууд бүх хэрэгтэй мэдээллээ авч, хэрэглэгч зөвхөн сонголт хийдэг болох юм. Үүнийг дагаад чанар сайжирч, өрсөлдөхүйц болно гэж харж байгаа.

Нөхөн сэргээгдэх баялгийн экспортыг дэмжихэд сорилт болж буй гол хүчин зүйл нь юу байна вэ?

Нөхөн сэргээгдэх баялгийн экспорт гэхээс илүү байгаль экологитойгоо зохистой харьцах, төлөвлөх асуудал хурцаар тавигдаж байна. Тухайлбал, бэлчээрийн даацыг хэтрүүлэлгүйгээр, уур амьсгалын өөрчлөлтөд зохистой хэмжээнд мал өсгөх шаардлага тулгарч байгаа гэж хардаг.

Олон улсад Монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортын өрсөлдөх чадварыг яаж сайжруулах вэ? Бидний гол өрсөлдөгч нь хэн юм бэ?

Дэлхийн улс орнуудын хүн амын хэрэгцээ, шаардлага өсөн нэмэгдэхийн хэрээр хүмүүсийн хэрэглээний шаардлага өөрчлөгдөж, бүтээгдэхүүний экологийн гарал үүсэлд анхаарч, түүний үнэ ханшийг тогтоох болсон. Мэдээж бид маш олон ажлыг хийж хэрэгжүүлж байгааг дахин хэлье. Монголын нүүдлийн мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний онцлог чанаруудыг баталгаажуулах, хэрэглэгчдийн хүсэн хүлээж байгаа шаардлагын хэмжээнд аваачих нөхцөлийг дээр дурдсан цахим систем бүрдүүлнэ. Швейцарын хөгжлийн агентлагийн Ногоон алт, Малын эрүүл мэнд төслийн хүрээнд хөгжүүлж байгаа энэ систем маш чухал ач холбогдолтой. Түүнээс гадна, Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй Экспортыг дэмжих төслийн хүрээнд ХХААХҮ-ийн Судалгаа хөгжлийн төвийн “Төв лаборатори”- ийн менежментийн тогтолцоог сайжруулахад дэмжлэг үзүүлэх зэрэг олон ажлыг дурдаж болно.

Монгол Улсаас экспорт хийх боломжтой зорилтот зах зээлийг та хэрхэн харж байна вэ?

Хэдийгээр хөдөө аж ахуйн салбарт экспортлох бүтээгдэхүүний нэр төрөл хангалттай байгаа ч зарим талаар тухайн импортлогч улсын шаардлага, стандартыг хангаж чадахгүй байна. Түүнчлэн хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд бүтээгдэхүүн нь хадгалах хугацаа богино, тээвэрлэлтийн өндөр нөхцөл шаардагддаг ба хил гаалийн хяналт хүлээгдэж урт хугацаа зарцуулах эрсдэл өндөр байна. Ойрын хугацаанд дэлхийн зах зээлд танигдсан, технологи, үйл ажиллагааг нэвтрүүлсэн аж ахуйн нэгж, үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүнд экспортын гарцыг нээх нь чухал байна.

Махны тухайд авах сонирхолтой орнууд харьцангуй бий болсныг гадаад худалдааны мэдээллүүд харуулж байна. Хэрэв манай улсаас худалдан авагч илүү олон болбол ханган нийлүүлэлтээ сайжруулсан байх шаардлагатай. Энэ чиглэлээр ямар ажил хийж байгаа вэ?

Монгол Улс махны экспортын хангалттай нөөцтэй. Тиймээс бодит экспортын хэмжээг өсгөхийн тулд өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд малын өвчин, махны гарал үүслийн баталгаажилт, аюулгүй байдал, үйлдвэрлэлд анхаарал хандуулан хоёр хөрштэй мах, махан бүтээгдэхүүний хорио цээрийн хэлэлцээрүүдийг амжилттай хийж ирлээ. Үүний үр дүнд өнөөдөр ОХУ, БНХАУ-д мах, махан бүтээгдэхүүн экспортлох эрхтэй болсон ч цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор хангалттай хэмжээгээр, тогтвортойгоор нийлүүлж чадахгүй байгаа. Тиймээс тогтвортой экспортыг бий болгох, экспортын орлогыг өсгөх, шинэ зах зээлийг нээх зорилгоор зөвхөн түүхий махыг экспортлохоос гадна өртөг шингэсэн буюу боловсруулсан махан бүтээгдэхүүний экспортыг тэлэхийг зорьж, төлөвлөн ажиллаж байна. Энэ онд БНХАУ-д дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн экспортлох эрх бүхий үйлдвэрийн тоог нэмэгдүүлэх зорилгоор үйлдвэрүүдэд хянан магадлагаа хийж, өмнөд хөрштэй энэ чиглэлээр хамтран ажиллаж байгаа. Мөн БНХАУ-ын Засгийн газрын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд “Хорио цээрийн бүс бүхий махны цогцолбор үйлдвэр барих технологийн шинэчлэл хийх” төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ төслийг зүүн бүсэд Дорнод, төвийн бүсэд Архангай, хангайн бүсэд Булган аймаг, баруун бүсээс Ховд аймгийн Мянгад суманд тус тус хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Эдгээр үйлдвэр тус бүрийг есөн га газарт байгуулах бөгөөд зургаан га газарт нэг дор 20,000 бог мал тусгаарлах боломжтой хяналтын цэг, хорио цээрийн бүс, урт хугацаанд тэжээх хэсэг буюу эрүүл бүс гэсэн зохион байгуулалттайгаар, үлдсэн гурван га газарт хоногт 1,000 бог, 200 бод мал төхөөрөх хүчин чадал бүхий махны үйлдвэрийн үндсэн барилгыг барина. Нэг үйлдвэр ашиглалтад орсноор тухайн бүсэд дотоод, гадаадын зах зээлд жилд 160 мянган толгой бог, 23 мянган толгой бод малыг эдийн засгийн эргэлтэд оруулж, 5,200 тонн мах, махан бүтээгдэхүүн, 183 мянган толгой, шийр, арьс шир, өлөн гэдэс, 1.7 сая тонн дайвар бүтээгдэхүүн боловсруулах нөхцөл бүрдэнэ гэсэн тооцоололтой байгаа. Үүнийг дагаад 174 хүн байнгын ажлын байраар хангагдана. Нийт улсын хэмжээнд жилдээ 640 мянган толгой бог, 101 мянган толгой бод малыг эдийн засгийн эргэлтэд орж, малчдын эдийн засгийн байдал сайжирч, мах, махан бүтээгдэхүүний экспортын хэмжээ 21 мянган тонноор нэмэгдэх юм. Үүний цаана байнгын 696 ажлын байр бий болохын зэрэгцээ дотоодын арьс, шир боловсруулах үйлдвэрүүдийг олон улсын стандартад нийцсэн түүхий эдээр хангах нөхцөл бүрдэнэ. Бүсүүдэд баригдах үйлдвэрүүдийн нийт төсөвт өртөг 78 сая ам.доллар. Үүний 95 хувь нь БНХАУ-ын хөнгөлөлттэй зээл, үлдсэн хувийг Монгол Улсын Засгийн газраас санхүүжүүлэхээр 2017 оны “Жагсаалт шинэчлэн батлах тухай” 312 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн. Одоогоор төсөл хэрэгжих дөрвөн аймгийн дэд бүтцийн хүрэлцээг харгалзан үйлдвэр барих газрыг шийдвэрлүүлэн ТЭЗҮ хүлээн авч, төсөл хэрэгжүүлэх гэрээ байгуулах бэлтгэлийг хангаад байна.

Монгол Улсын нийт экспортын 10 хувийг л уул уурхайн бус бүтээгдэхүүн эзэлж байна. Түүний дийлэнх нь ноолуур, мах. Үүний цаана экспортод гаргах ямар баялгууд байна вэ? Засгийн газраас үүнийг бодлогоор хэрхэн дэмжиж байна вэ?

Европын холбооны улсууд торомны ноосыг ихээхэн сонирхож байгаа. Торомны ноос нь ноолууртай өрсөлдөхүйц чанартай төдийгүй тэмээ нь байгаль экологид ээлтэй амьтан гэдгээр их сонирхож байна. Манай улс жилдээ 200 орчим тонн торомны ноос бэлтгэх нөөцтэй. Гэвч торомны ноосоо тусгайлан ялгаж, самнаж бэлтгэхгүй байгаа. Хэрэв энэхүү нөөц баялгаа ашиглаж, эцсийн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлээд гаргавал экспортоос олж буй одоогийн орлогыг бараг 10 дахин нэмэгдүүлэх боломжтой юм. Тийм ч учраас бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн онцлог, ялгаатай байдалд үндэслэн хөнгөн үйлдвэрлэлийн салбарыг дэмжин хөгжүүлэх зорилготой ажиллаж байна.

Хөдөө аж ахуйн салбарт бүтээмжийг нэмэх хамгийн үр ашигтай арга замуудын нэг нь кластерын систем гэгддэг. Тэгвэл үүнийг Монголд хөгжүүлэх боломжийг Та хэрхэн дүгнэх вэ?

Олон улсын зах зээлд гарах, өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэлд кластер үйлдвэрлэлийн системийг нэвтрүүлэх нь чухал ач холбогдолтой. Хөнгөн үйлдвэрийн салбарт ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэл, оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн кластерыг хөгжүүлэх судалгааг эрдэмтэн судлаачдын багтай хамтран хийж байна. Мөн кластерт суурилсан уул уурхайн бус экспортын тогтолцоог бий болгохын тулд Монголын худалдааг дэмжих (TRAM) төслийн дэмжлэгтэйгээр Монголын гоо сайхны бүтээгдэхүүний кластер байгуулагдан ажилласны дүнд Европын холбооны улсууд руу гоо сайхны бүтээгдэхүүн экспортлох боломжтой боллоо. Дэлхий нийтээр эдийн засгийн өрсөлдөх чадварыг кластерын хандлагаар сайжруулах цэгцтэй үзэл баримтлалыг АНУ-ын Харвардын их сургуулийн профессор Майкл Портер бий болгосон байдаг. Түүний кластерын онолын дагуу дэлхийд амжилттайгаар хөгжүүлж байгаа АНУ-ын Цахиурын хөндийн кластер, Калифорнийн дарсны кластер, Австралийн Аялал жуулчлалын кластер зэрэг олон туршлагыг нэрлэж болно. Кластерыг амжилттай хэрэгжүүлэхэд багадаа 5-10 жил шаарддаг. Энэ бодлогыг хэрэгжүүлсний үр дүн бол кластерт нэгдсэн үйлдвэр, байгууллагуудын шинийг санаачлах идэвх, үйлдвэрлэлийн өсөлт, түүнчлэн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн хөгжлийн эрчимтэй өсөлт нэмэгдэх, шууд хөрөнгө оруулалтыг идэвхтэй татах, экспорт нэмэгдэх, кластерууд байрласан бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг хурдасгах маш том ач холбогдолтой. Монгол Улсад тэргүүн ээлжинд мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэлээс гадна жимс жимсгэнэ боловсруулах, ноос, ноолууран бүтээгдэхүүн, арьс, ширэн бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, мод, модон бүтээгдэхүүн, оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэл, мөн аялал жуулчлал, уул уурхай дагасан жижиг, дунд үйлдвэрийг түшиглэсэн кластеруудыг хөгжүүлэх боломжтой гэж үздэг. Гэвч кластерыг хөгжүүлэх үзэл баримтлал, стратеги байхгүй, нэгдсэн ойлголт төлөвшөөгүй, төслүүдийн ихэнх нь боловсруулах шатандаа байна. Мөн кластерыг дэмжих арга зүй, мэдээлэл зөвлөгөө, боловсролын механизмууд бий болоогүй, кластерын бодлогыг хэрэгжүүлэх эрх зүйн зохицуулалт одоогоор байхгүй. Кластерыг хөгжүүлэхэд Засгийн газрын санаачилга чухал боловч кластерт нэгдэж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүдийн идэвх чухал шаардлагатай

Leave a comment