Махны экспорт

Махны экспорт

2020 11-Р Сар 05


Хөдөө ажлаар явж байх хооронд GREEN GROUP-ын Талын Монгол брэндээс захисан бүтэн хонины мах, үхрийн мах гэрт иржээ. Интернэтээр ингэж 3 дахь удаагаа захихдаа би илүү нугаламтай барга хонийг Дорнод аймгийн Баяндун сумын гавъяат малчин, улсын аварга Батмөнх гуайн хотноос сонгосон юм.

Өнгөрсөн долоо хоногт Завхан аймагт ажлаар явж байхад тус аймаг 4 махны үйлдвэртэй бөгөөд Орос, Хятад, Тува, Иран руу махаа тогтмол гаргах сонирхолтой, нөгөө хэд нь ч байнга авах хүсэлтэй байдаг ч үнэ дээрээ тохирч чаддаггүй гэдэг яриад Засаг даргын тамгийн газраас нь авч байв. Нэг цонхны бодлого байхгүйгээс нэг кг хонины махыг 1.8 ам.доллараас хэтрүүлэхгүй авах нөхцлийг манай үйлдвэрүүдэд цаанаас тулгадаг юм байна. Малчид хувиараа очоод энэ яриаг хийх боломжгүй, боломж нь бүрдлээ ч дотооддоо борлуулдаг үнээсээ хамаагүй бага үнээр махаа өгөх болдог ажээ.

Сонирхолтой санагдаад Талын Монгол брэндийн борлуулалтай албатай холбогдон зөвшөөрөл аваад махаа авсан малчин Батмөнх гуайтай утсаар холбогдож товч мэдээлэл авлаа.

Батмөнх гуай социализмын үед тээврийн жолооч хийж байгаад зах зээлийн нийгэмд ормогц шууд малчин болжээ. Анх 200 толгой малтай эхэлж байсан бол одоо 5 хошуу 10 мянган малтай болжээ. Улмаар 10 гаруй өрхийг ажлаар байраар ханган, түрээсийн малчин гэдэг схемээр ажиллаж байна. Хамгийн том асуудал юу байна гэхэд дараах зүйлсийг шууд онцолж хэллээ.

Нэгт: ЗАЛХУУРАЛ

Хөдөө, орон нутагт халамжийн мөнгийг баруун, солгойгүй тарааж байгаагаас болж хөгшин, залуугүй ажил хийхээ байлаа. Ажилтан хөлсөлж авах гэхээр ажил хийдэг хүн олдохоо байсан гэж хэлсэн нь намайг шууд шоконд оруулав. Харин түрээсийн малчин гэдэг загвараар нэлээд олон хүнтэй үр ашигтай хамтран ажиллаж байгаа юм байна. Тэр нь, нэг хүнд 200 хонь өгөөд хэдэн жилийн дараа өсч үржсэн малаа 50:50%-иар хувааж авдаг загвар ажээ.

Хоёрт: МАХНЫ ҮНЭ

Малчид малаа ихээр үржүүлж бэлчээр талхлан, байгаль орчны доройтолж хүргэж байна гэж хотынхон ярьдаг. Үнэндээ махны үнэ боломжийн байвал ямар ч малчин өөр дээрээ их мал байлгах сонирхолгүй. Би жилийн дотор сүргээ 5000 малаар багасгахад ямар ч асуудалгүй. Энэ тухай мэдээлэл өнөөдөр ikon дээр гарчээ. Жишээ нь, Дундговь аймгийн бэлчээр нутгийн 95% нь доройтож, байгалийн унаган төрх нь алдагдан, ургамлын төрөл зүйл нь цөөрч, чанар нь алдагджээ гэсэн шоконд ормоор тоо аймаг бүрээр байна.

https://ikon.mn/n/1zdz

Нэмээд малчид малаа худлаа тоолуулах хандлагатай байгааг шүүмжилж байв. Учир нь тэд банкны зээл авахын тулд ингэдэг ажээ. Мал, мах нь үнэд хүрэхгүйгээс малчин бүр бүх малаа барьцаалсан банк банк дамжсан зээлтэй. Иймээс хөдөөний малчид өөрсдийгөө банкны малчин гэж нэрлэдэг болжээ. Махны үнээ зохицуулж чадахгүй байж юун малын түүхий эд гэж халаглаж байна лээ. Малын түүхий эд үнэгүйдээд шууд хаягдаж байгаа нь тун харамсалтай. Батмөнх гуай хэт хямд үнээр махыг нь авах гэдэг ченжүүдтэй харьцах сонирхолгүй бөгөөд харин сүүлийн үед Талын Монгол брэндтэй маш таатай нөхцлөөр хамтран ажиллаж байгаагаа хэлж байв. GREEN GROUP инноваци шингээсэн бэлчээрийн эрүүл махыг малчны хотоос нь шууд хэрэглэгчийн гар дээр хүргэхээс гадна олон төрлийн бэлэн бүтээгдэхүүн хийгээд зарж эхэлжээ.

Гуравт: ЭКСПОРТ, НЭГ ЦОНХНЫ БОДЛОГО

Батмөнх гуай махаа экспортлох санаатай Орос, Хятад руу зөндөө явжээ. Тэд ч махыг нь авах үнэхээр дуртай гэнэ. Япончууд адууны мах авъя гэж ярьдаг юм байна. Гэвч олон улсын стандартын дагуу махыг нь бэлтгэн, малчдад таатай үнэ санал болгон хамтран ажилладаг үйлдвэр, байгууллага байхгүйгээс одоог хүртэл нэг ч мах экспортолж үзээгүй гэнэ. Дээр дурдсан Завханы жишээгээр олон махны үйлдвэрүүд хил дээр махаа барьж очоод хоорондоо үнээрээ өрсөлдөн дампинг хийн Орос, Хятад, Тува нарын тоглоом болдог ажээ. Оросуудын хүсэлтээр хил дээр хүртэл байгуулсан махны үйлдвэр байдаг юм билээ. Чухам ийм учраас Засгийн газар монгол малаа экспортонд малчны хотноос шууд гаргадаг болгоход туслаач ээ гэж захиас хэлнэ билээ. Ийм ч учраас Батмөнх гуайн хэлснийг нүүр номоор дамжуулан та бүхэнтэй хуваалцаж байна.

Дүгнэлт:

Монгол бэлчээрийн малын мах бол муухан эмнээс дээр гэж Болдсайхан эмч хэлсэн байсан. Энэ сайхан мал аж ахуй үнэндээ бидний дундрашгүй баялаг юм. Гэхдээ л махны экспорт гэхээр квот гээд үнэхээр заваарсан юм байдаг бололтой. Хэрвээ махны экспортоо утгаар нь нээж чадвал малчдын орлого хэд дахин өсөх бодитой боломж байгаа нь харагдаж байна. Үүний тулд яах аргагүй экспортын нэг цонхны бодлого, үнийн стратеги гэж байх ёстой л байна даа. Тийм ээ?

Батмөнх гуайн хотонд авсан сэтгэл сэргэм сайхан видеог ба та бүхэнтэй хуваалцмаар санагдлаа.

Сүүлд оруулсан мэдээ
Яагаад ТАЛЫН МОНГОЛ гэж? Яагаад ТАЛЫН МОНГОЛ гэж?
Хөдөө ажлаар явж байх хооронд GREEN GROUP-ын Талын ...
ШИНЭ ОНЫ МЭНД ХҮРГЭЕ ШИНЭ ОНЫ МЭНД ХҮРГЭЕ
Хөдөө ажлаар явж байх хооронд GREEN GROUP-ын Талын ...
Гэр бүлийн аз жаргал хамгийн том баялаг Гэр бүлийн аз жаргал хамгийн том баялаг
Хөдөө ажлаар явж байх хооронд GREEN GROUP-ын Талын ...